Монгол улс дахь хүүхдийн бие махбодын шийтгэл

СҮҮЛД ШИНЭЧЛЭГДСЭН ОГНОО 2018 оны 2 дугаар сар

 

Бүрэн хориглохын тулд шаардлагатай хууль эрх зүйн шинэчлэлийн хураангуй

Хуулийн шинэчлэлд хүрсэн. Бие махбодийн шийтгэлийг бүх нөхцөлд, түүний дотор гэртээ хориглодог.

Бие махбодын шийтгэлийн эсрэг хориг

Нүүр

Бие махбодын шийтгэл нь гэрийн орчинд хууль бус юм. 2016 оны Хүүхдийн эрхийн тухай хуулинд хүүхэд бие махбодын шийтгэлээс хамгаалагдах эрхтэй гэдгийг тодорхой баталгаажуулсан байдаг (7,1-р зүйл, албан бус орчуулга): "Хүүхэд гэмт хэрэг, зөрчил, хүчирхийлэл, бие махбодын шийтгэл, сэтгэл санааны дарамт, үл хайхрах байдал болон мөлжлөгийн аливаа хэлбэрээс нийгмийн бүх орчинд хамгаалагдах эрхтэй."  2016 оны Хүүхэд хамгааллын тухай хууль нь эцэг эх, бусад насанд хүрэгчид хүүхэд дээр бие махбодын шийтгэл хэрэглэхийг хориглосон байдаг (2.6-р зүйл, албан бус орчуулга): "Хүүхэд, өсвөр насны хүнийг халамжлах, эмчлэх, удирдан чиглүүлэх, тэдэнд боловсрол олгох үүрэг хүлээсэн эцэг, эх, асран хамгаалагч, бусад хүн тэднийг хүмүүжүүлэх, алдаатай зан авирыг нь засахдаа бие махбодын болон доромжлон гутаасан бүх төрлийн шийтгэлийн арга хэрэглэхийг хориглоно." 2016 оны Хүүхэд хамгааллын тухай хууль нь хүүхдийг асран халамжлах, боловсрол олгох үүрэг хүлээсэн эцэг эх, бусад хүнд хүчирхийллээс ангид хүмүүжлийн арга хэрэглэх үүргийг хүлээлгэсэн байдаг (5.4-р зүйл): “Эцэг, эх, хууль ёсны асран хамгаалагч, хамаатан садан, багш сурган хүмүүжүүлэгч нь хүүхдийг өсгөн хүмүүжүүлэх, боловсрол олгох, асран хамгаалахдаа хүчирхийллээс ангид хүмүүжлийн арга хэрэглэнэ.”

Монгол улс нь 2010 онд хүүхдийн бие махбодын бүхий л төрлийн шийтгэлийг (үүнд гэрийн орчин дахь шийтгэл багтана) хориглох тал дээр тууштай хандаж байгаагаа илэрхийлсэн байдаг.  Мөн үед Засгийн газар Монгол улсын Ээлжит дүгнэлт хэлэлцүүлгийн (ЭДХ) үеэр гаргасан зөвлөмжүүдийг илэрхий байдлаар хүлээн авсан юм. 2015 онд хоёрдахь удаагаа болсон Монгол улсын Ээлжит дүгнэлт хэлэлцүүлгээр үүнтэй ижил төстэй зөвлөмжүүд гарсан бөгөөд Засгийн газар бүгдийг нь дахин зөвшөөрсөн билээ. 2016 оны 2 дугаар сард Монгол улсын Парламент - Улсын Их Хурал - дээрхтэй холбогдуулан хүүхэд хамгаалал, хүүхдийн эрхийн тухай хууль тогтоомж гаргаснаар хуулийн шинэчлэл эцэстээ амжилттай хэрэгжсэн билээ. 2016 оны Хүүхдийн эрхийн тухай хууль болон 2016 оны Хүүхэд хамгааллын тухай хууль 2016 оны 9 дүгээр сарын 1-нд тус тус хүчин төгөлдөр болсон юм.

Монгол улс бол 2016 онд байгуулагдсан Хүүхдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох дэлхийн хэмжээний түншлэл бүхий Гарц эрэлхийлэгч улс юм. Энэ нь Засгийн газар Тогтвортой Хөгжлийн Зорилтуудын 16.2-р зорилтод хүрэхийн тулд гурваас таван жилийн хугацаанд хурдасгасан арга хэмжээ авах амлалтыг хүлээж байгаа гэсэн үг билээ.

 

Асран халамжлах бусад орчин

Хүүхэд асран халамжлах бусад орчин дахь бие махбодын шийтгэлийг 2016 оны Хүүхдийн эрхийн тухай хуулийн 7.1-р зүйл, 2016 оны Хүүхэд хамгааллын тухай хуулийн 2.6 ба 5.4-р зүйлийн дагуу хориглосон байдаг (Дээрх "Нүүр" хэсгийг үзнэ үү).

 

Өдөр өнжүүлэх төв

2016 оны Хүүхдийн эрхийн тухай хуулийн 7.1-р зүйл, 2016 оны Хүүхэд хамгааллын тухай хуулийн 2.6 ба 5.4-р зүйлд заасны дагуу нялх хүүхдүүдийг харж халамжлах төвүүд (ясли, өрхийн төв гэх мэт) болон бага насны хүүхдүүдийн өдөр өнжүүлэх төвийн (цэцэрлэг, сургуулийн насны хүүхдүүдийн өдөр өнжүүлэх төв, хүүхэд асрах байгууллага гэх мэт) орчинд бие махбодын шийтгэл эдлүүлэх нь хууль бус үйлдэлд тооцогддог (дээрх "Нүүр" хэсгийг үзнэ үү).  Урьд өмнө нь 2006 онд нэмэлт өөрчлөлт оруулсан 2002 оны Боловсролын тухай хууль болон 2008 оны Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн дагуу зөвхөн сургуулийн өмнөх боловсрол олгох байгууллагын орчинд бие махбодын шийтгэл эдлүүлэхийг хууль бус үйлдэлд тооцдог байжээ. 2016 оны Хүүхэд хамгааллын тухай хуулийн 6.3-р зүйл нь боловсролын байгууллагын хүүхдийг бие махбодын шийтгэл болон бусад зүй бус харьцаанаас хамгаалах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг тодорхойлсон байдаг. Үүнд:  "сургалтын байгууллагын багш, ажилтан хүүхэд хүмүүжүүлэх эерэг арга эзэмших", "суралцагчдын эрсдэлт нөхцөлд байгаа эсэхийг үнэлэх, судлах, зөвлөгөө өгөх", "сургалтын байгууллагын багш, ажилтан суралцагчдын хоорондын нөхөрсөг бус харилцаа, маргаан, зөрчлийг эвлэрүүлэх, зохицуулах, гэр бүлд нь мэдэгдэх зэргээр урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах" зэрэг багтана (албан бус орчуулга).

 

Сургуулиуд

2006 онд батлагдсан Боловсролын тухай хуулинд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр сургуулийн орчин дахь бие махбодын шийтгэлийг хориглосон байдаг. Уг хоригийг 2016 оны Хүүхдийн эрхийн тухай хуулийн 7.1-р зүйл, 2016 оны Хүүхэд хамгааллын тухай хуулийн 2.6 ба 5.4-р зүйлээр баталгаажуулжээ (дээрх "Нүүр" хэсгийг үзнэ үү).

 

Хорих байгууллагууд

2016 оны Хүүхдийн эрхийн тухай хууль (7.1-р зүйл) болон 2016 оны Хүүхэд хамгааллын тухай хуулинд (2.6-р зүйл) заасанчлан бие махбодын шийтгэл нь хууль бус үйлдэлд тооцогддог.

 

Гэмт хэргийн ял шийтгэл

Бие махбодын шийтгэл нь гэмт хэргийн ял шийтгэл оногдуулдаг хууль бус үйлдэл юм. Энэ нь 2002 оны Эрүүгийн хууль болон Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дор зөвшөөрөгдсөн шийтгэл биш юм.

Монгол улсын хүний эрхийн ээлжит дүгнэлт хэлэлцүүлэг

Ээлжит дүгнэлт хэлэлцүүлгийн (ЭДХ)-ийн үйл явцын анхны циклээр 2010 онд Монгол улс хяналт шалгалтанд хамрагдсан билээ (хурал 9). Дараах зөвлөмжүүд гарсан бөгөөд Засгийн газар бүгдийг нь хүлээн авсан юм:[1]

“Дотоод хууль тогтоомжоо Хүүхдийн эрхийн тухай конвенцид нийцүүлэн уялдуулах ажлыг үргэлжлүүлэх, бие махбодын бүхий л хэлбэрийн шийтгэлээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох талаар хууль тогтоомж гаргах, 18-аас доош насны хүүхдийг аюултай ажил хөдөлмөр эрхлэхээс урьдчилан сэргийлэх тал дээр үр дүнтэй арга хэмжээ авч хэрэгжүүлэх (Итали),

“Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж, шийтгэхийн эсрэг конвенц-"д заасны дагуу бүх хэлбэрийн бие махбодын шийтгэлээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох талаар хууль тогтоомж баталж гаргах (Бразил),

Хоёр дахь циклийн шалгалт 2015 онд хийгджээ (хурал 22). Засгийн газар үндэсний тайландаа "хүүхдийн эсрэг чиглэсэн бие махбодын шийтгэлийн далд хэлбэрүүдийг" илрүүлж, шийдвэрлэх зорилгоор шууд дуудлагын утасны дугаар бий болгох тал дээр анхаарлаа хандуулсан байдаг.[2] Дүгнэлт хэлэлцүүлгийн үеэр дараах зөвлөмжүүд гарчээ. Үүнд:[3]

“Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж, шийтгэхийн эсрэг конвенц-"д заасны дагуу хүүхдэд бие махбодын шийтгэл эдлүүлэх явдлыг илэрхий байдлаар хориглох (Чили),

"Хүүхдийн бүх хэлбэрийн бие махбодын шийтгэл, тэр дундаа гэрийн орчин дахь шийтгэлийг илэрхий байдлаар хориглох (Швед),"

Засгийн газар эдгээр зөвлөмжийг хүлээн авсан байдаг.[4]

 

[1] 2011 оны 1-р сарын 4, A/HRC/16/5, Ажлын хэсгийн тайлан, 84(15) ба 84(18)-р догол мөр

[2] 2015 оны 2-р сарын 17, A/HRC/WG.6/22/MNG/1, ЭДХ-т зориулсан үндэсний тайлан, 78-р догол мөр

[3] 2015 оны 7-р сарын 13, A/HRC/30/6, Ажлын хэсгийн тайлан, 108(106) ба 108(107)-р догол мөр

[4] 2015 оны 9-р сарын 16, A/HRC/30/6/Add.1, Ажлын хэсгийн тайлан: Хавсралт, 2-р догол мөр

Хүний эрхийн асуудал хариуцсан эрх бүхий байгууллагуудаас гаргасан зөвлөмжүүд

Хүүхдийн эрхийн хороо

(2017 оны 7-р сарын 12, CRC/C/MNG/CO/5, Тавдахь тайлангийн талаарх ажиглалтуудыг дүгнэх нь, 11 ба 23-р догол мөр)

“Хүний эрхийн асуудлаар ажилладаг бие даасан байгууллагуудын гүйцэтгэх үүргийн талаарх Ерөнхий тайлбар 2-той холбогдуулан тус хороо нь өмнөх зөвлөмжөө дахин  давтаж (CRC/C/MNG/CO/3-4, 16-р догол мөрийг үзнэ үү), Оролцогч улсын талд дараах зөвлөмжийг өгсөн байдаг:

(c) Монгол улсын Хүний Эрхийн Үндэсний Комиссоос Оролцогч улсад зориулж гаргасан зөвлөмжүүд, тэр дундаа хүүхдийн эрхтэй холбоотой асуудлаар гаргасан зөвлөмжүүд (морь унуулах, гэр бүлийн хүчирхийлэл, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурч боловсрох эрх, бие махбодын шийтгэл, хүүхдийн өдөр өнжүүлэх үйлчилгээ үзүүлэгчдийн үйл ажиллагааг зохицуулах, хяналт тавих, төрсний гэрчилгээ олгохтой холбоотой зөвлөмжүүд)-ийг хэрэгжүүлэх.”

“Тус хороо нь бүхий л орчин дахь хүүхдийн бие махбодын шийтгэлийг гэмт хэрэгт тооцохоор хуульчилж, Хүүхдийн эрхийн тухай хууль болон Хүүхэд хамгааллын тухай хуулиудыг шинэчилсэн явдлыг сайшаан хүлээн авч байгаагийн зэрэгцээ бие махбодын шийтгэлийг гэр болон сургуулийн орчинд үргэлжлүүлэн хэрэглэж байгаад санаа зовсон хэвээр байгаа тул хүүхдийг засан хүмүүжүүлэхдээ эерэг, хүчирхийллээс ангид, оролцоо бүхий хүмүүжлийн аргуудыг хөхүүлэн дэмжихэд чиглэгдсэн, үндэсний хэмжээнд нийгмийг дайчилж хөдөлгөсөн кампанит ажил, эцэг эх, багш нарт зориулсан сургалт гэх мэт олон нийтийн ойлголт, мэдлэг, мэдээллийг нь дээшлүүлэх ухуулга сурталчилгаа, сургалт, хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэх явдлыг хангаж өгөхийг Оролцогч улсаас шаардаж байна.”

 

Хүүхдийн эрхийн хороо

(2010 оны 1-р сарын 29, CRC/C/MNG/CO/3-4 Урьдчилсан хянагдаагүй хувилбар, Гуравдахь/дөрөвдэх тайлангийн талаарх ажиглалтуудыг дүгнэх нь, 8, 37, 38, 41, 59 ба 60-р догол мөр)

“Тус хороо нь өмнөх дүгнэлтийн ажиглалтуудаас гарсан ч хагас дутуу хэрэгжсэн эсвэл огт хэрэгжээгүй зөвлөмжүүдийг шийдвэрлэж, одоогийн дүгнэлтийн ажиглалтанд багтсан зөвлөмжүүд, ялангуяа ... бие махбодийн шийтгэлтэй... холбоотой зөвлөмжүүдийн хэрэгжилтийг хангаж өгөхийг шаардаж байна.

“Тус хороо нь сахилгын арга хэмжээний хүрээний хүүхдийн бие махбодийн шийтгэлийг шийдвэрлэх тал дээр хүчин чармайлт гаргасныг онцлон тэмдэглэж байгаа ч бие махбодын шийтгэл нь хүүхдийн ахуй амьдралын бүхий л орчинд өргөн хүрээнд ажиглагдаж байгаад санаа зовниж байгаагаа давтан хэлсэн юм.

“Тус хороо нь бүхий л орчинд, тэр дундаа гэр бүл дотор болон хүүхдийн өдөр өнжүүлэх бусад тогтолцоонд хүүхдэд сахилгын арга хэмжээ авах зорилгоор ашигладаг бүхий л төрлийн бие махбодын шийтгэлээс урьдчилан сэргийлж, таслан зогсоох талаар хууль тогтоомж батлан гаргаж, сахиулахыг Оролцогч улсаас шаардаж байна. Цаашилбал тус хороо нь бие махбодын шийтгэлд хандах олон нийтийн хандлагыг өөрчилж, хүүхдийг сахилгын арга хэмжээ авахдаа хүүхдийн нэр төрийг дээдэлсэн болон конвенцид (ялангуяа 28-р зүйлийн 2-р заалт) нийцсэн  хүмүүжлийн өөр аргуудыг хэрэглэдэг болгохын тулд олон нийтийн боловсрол, ойлголт, мэдлэгийг дээшлүүлэх, хүүхдүүдийг оролцуулсан нийгмийг дайчилж хөдөлгөх кампанит ажил явуулж, Хорооноос "хүүхдийн бие махбодын шийтгэл болон бусад харгис хэрцгий, нэр төрийг доромжлон гутаасан хэлбэрийн шийтгэлээс хамгаалагдах эрх"-ийн талаарх Ерөнхий тайлбар №8 (CRC/GC/2006/8, 2006)-г анхааралдаа авч үзэхийг Оролцогч улсад зөвлөмж болгосон байна.

“Тус Хороо нь Оролцогч улсад өөрийн зөвлөмж (2005, 34-р догол мөр) буюу тусламж хэрэгтэй байгаа эцэг эх болон гэр бүлүүдэд шаардлагатай дэмжлэгийг боломжоороо өгч, хүчирхийллээс ангид, эерэг хүмүүжлийн аргуудыг хөхүүлэн дэмжсэн бодлого, боловсролын хөтөлбөрүүдийг боловсруулах талаарх зөвлөмжийг давтан хэлсэн байдаг. Мөн түүнчлэн тус Хороо нь Оролцогч улсад дараах зүйлийг зөвлөмж болгосон байна:

б) Гэр бүлийн тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах...

“Тус Хороо нь ... боловсролын байгууллага дахь бие махбодын шийтгэл, сэтгэлзүйн дарамт оршсон хэвээр байгаад санаа зовнин, онцлон тэмдэглэсэн байна...

“Конвенцийн 28-р зүйл болон бусад холбогдох заалтуудыг баримтлан, мөн боловсролын зорилтуудын талаарх ерөнхий тайлбар 1 (2001)-г харгалзан үзсэний үндсэн дээр тус Хороо нь Оролцогч улсад дараах зүйлийг зөвлөмж болгож байна. Үүнд: ...

е) хүүхэд, эцэг эх, олон нийттэй ажилладаг мэргэжлийн хүмүүсийн хүүхдийн эрхийн талаарх ойлголтыг бэхжүүлэх, эерэг, хүчирхийллээс ангид хэлбэрийн сурган хүмүүжүүлэх арга барилыг хөхүүлэн дэмжиж, хүүхэдтэй ажилладаг мэргэжлийн хүмүүс, ялангуяа багш нар хүүхдэд эерэг хандлагатай ханддаг байх явдлыг дэмжиж, сэтгэл санааны хүчирхийллийн эсрэг ойлголтыг нэмэгдүүлдэг боловсролын арга барилыг сурталчлах...”

 

Хүүхдийн эрхийн хороо

(2005 оны 9 дүгээр сарын 21, CRC/C/15/Add.263, Хоёрдахь тайлангийн талаарх ажиглалтуудыг дүгнэх нь, 29 ба 30-р догол мөр)

“Тус Хороо нь Монгол улсад хүүхдийн бие махбодын шийтгэл нь нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн зүйл хэвээр байгаа төдийгүй гэр бүл дотор болон албан ёсоор хориглосон газрууд буюу сургууль, бусад байгуулагад ч ийм шийтгэлийг ашигладаг хэвээр байгаад санаа зовниж байна. Цаашилбал Монгол улсын хууль тогтоомж гэр бүл доторх бие махбодын шийтгэлийг илэрхий байдлаар хориглоогүй байдаг талаар санаа зовниж, онцлон тэмдэглэж байна.

“Тус хороо нь Оролцогч улсаас гэр бүл дотор, сургууль дээр болон бусад байгууллагын орчинд хүүхдийн бие махбодын шийтгэлээс урьдчилан сэргийлж, таслан зогсоох, гэр бүл дэх бие махбодын шийтгэлийг хуулиар хориглохыг шаардаж байна. Бие махбодын шийтгэлийн талаарх олон нийтийн хандлагыг өөрчилж, энэ чиглэлээрх төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор тус Хороо нь хүчирхийллээс ангид, хүмүүжлийн өөр хэлбэрийн талаарх олон нийтийн мэдлэг боловсролыг дээшлүүлэх сургалт, сурталчилгааны кампанит ажлыг эхлүүлж, үүндээ хүүхдүүдийг татан оролцуулахыг Оролцогч улсад зөвлөмж болгосон байна."

 

Эрүүдэн шүүхийн эсрэг хороо

(2016 оны 9-р сарын 5, CАТ/C/MNG/CO/2, Хоёрдахь тайлангийн талаарх ажиглалтуудыг дүгнэх нь, 25 ба 26-р догол мөр)

“Тус хороо нь бүхий л орчин дахь хүүхдийн бие махбодын шийтгэлийг эрүүгийн гэмт хэрэгт тооцохоор хуульчилж, Хүүхдийн эрхийн тухай хууль болон Хүүхэд хамгааллын тухай хуулиудыг баталсан явдлыг сайшаан хүлээн авч байгаагийн хажуугаар нийт хүүхдийн 42 хувь нь гэрийн орчинд бие махбодын болон сэтгэл зүйн шийтгэлд өртдөг гэсэн мэдээлэлд санаа зовж байна (16-р зүйл).”

Оролцогч улс нь дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Үүнд:

(a) бүхий л орчин дахь бие махбодын шийтгэлд тавих хоригийг бүрэн хэрэгжүүлж, хууль сахих явдлыг хангах чиглэлээр шаардлагатай бүх арга хэмжээг авах,

(б)  бие махбодын шийтгэлийн сөрөг үр нөлөөний талаарх олон нийтийн ойлголтыг дээшлүүлэх зорилгоор мэргэжилтэн болон олон нийтэд чиглэсэн сургалт сурталчилгааны кампанит ажил явуулах, хүүхдүүдэд боловсрол олгож, өсгөн хүмүүжүүлж, асран халамжлахдаа хүмүүжлийн эерэг, хүчирхийллээс ангид арга барилуудыг хэрэглэх явдлыг хөхүүлэн дэмжих

(в) бие махбодын шийтгэлийн талаарх мэдэгдсэн бүх хэргийг мөрдөн шалгаж, яллаж, хориг тавих.”

 

Эрүүдэн шүүхийн эсрэг хороо

(2011 оны 1-р сарын 20, CАТ/C/MNG/CO/1, Анхны тайлангийн талаарх ажиглалтуудыг дүгнэх нь, 23-р догол мөр)

“Тус хороо нь хүүхдийн бие махбодын шийтгэл сургууль, хүүхдийн байгууллага, гэрийн орчинд, ялангуяа хөдөө орон нутагт маш их давамгайлж байгаа талаарх мэдээллийг эмзэглэн хүлээн авч байна.

Оролцогч улс нь бүхий л орчинд хүүхдийн бие махбодын шийтгэлийг илэрхий байдлаар хориглох арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Мөн түүнчлэн Оролцогч улс нь нийтийн боловсрол, мэргэжлийн сургалтуудаар дамжуулан хүмүүжлийн эерэг, оролцоотой, хүчирхийллээс ангид арга барилыг хэрэглэдэг болох явдлыг хангах хэрэгтэй байна.

 

Хүний эрхийн хороо

(2017 оны 7-р сар, CCPR/C/MNG/CO/6, Зургаадахь тайлангийн талаарх ажиглалтуудыг дүгнэх нь, Урьдчилсан хянагдаагүй хувилбар, 17 ба 18-р догол)

“Шинэчлэгдсэн Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулиар гэр бүлийн хүчирхийлэлд эрүүгийн ял шийтгэл оногдуулдаг болсон явдлыг сайшаан хүлээн авахын хажуугаар тус Хороо нь Оролцогч улсад эмэгтэйчүүд, хүүхдүүдийн эсрэг хүчирхийлэл, тэр дундаа гэр бүлийн хүчирхийлэл өргөн хүрээнд үйлдэгдсэн хэвээр байгаа талаарх мэдээлэлд санаа зовж байна. Мөн бүх орчин дахь хүүхдийн бие махбодын шийтгэлийг хуулиар хориглосон ч, бие махбодын шийтгэл гэр болон сургуулийн орчинд өргөн хэрэглэгдсэн хэвээр байгаа явдалд санаа зовж байна. (2, 3, 6, 7, 24 ба 26-р зүйл)

“Оролцогч улс нь шинэчлэгдсэн Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийг хэрэгжүүлж, гэр бүлийн хүчирхийллийн талаарх бүх гомдлыг заавал гаргадаг болохыг шаардаж, гаргасан гомдлыг цаг алдалгүй, сайтар, үр дүнтэй мөрдөн шалгаж, гэмт этгээдийг яллаж, буруу нь тогтоогдвол зохих ял шийтгэл эдлүүлж, хохирогчид үр дүнтэй эмчлүүлж, хохирлоо барагдуулж, хамгаалалт авах боломжоор хангах замаар эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгддэг гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, арилгах чиглэлээр гаргаж буй хүчин чармайлтаа нэмэгдүүлэх хэрэгтэй байна. Оролцогч улс нь гэр бүлийн хүчирхийллийн хэргүүдэд түргэн шуурхай, үр дүнтэй хариу үйлдэл үзүүлэхийн тулд төрийн албан тушаалтнууд, ялангуяа хууль сахиулах  байгууллагын албан тушаалтан, шүүгч, прокуроруудыг сургалтанд хамруулах хэрэгтэй. Мөн бүх орчин дахь хүүхдийн бие махбодын шийтгэлийн эсрэг хоригийн үр дүнтэй хэрэгжилтийг хангах ёстой. Үүнийг бусад аргуудын дунд олон нийтийн ойлголт мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөрөөр дамжуулан хийж болно.

 

Хүний эрхийн хороо

(2011 оны 5-р сарын 2, CCPR/C/MNG/CO/5, Тавдахь тайлангийн талаарх ажиглалтуудыг дүгнэх нь, 19-р догол)

"Боловсролын тухай хуулийн дагуу бие махбодын шийтгэлийг хориглосон хэдий ч Хороо нь энэ төрлийн хоригийг бүхий л орчинд үргэлжлүүлэх хэрэгжүүлэх эсэхэд зовниж байна (Гэрээний 7-р зүйл),

Оролцогч улс нь бүхий л орчинд хүүхдийн бие махбодын шийтгэлийг таслан зогсоох практик алхмуудыг яаралтай авч хэрэгжүүлэх ёстой. Хүчирхийллээс ангид хүмүүжлийн хэлбэрийг бие махбодын шийтгэлийн оронд хэрэглэдэг болохыг дэмжиж, бие махбодын шийтгэлийн хор хөнөөлтэй үр нөлөөний талаарх олон нийтийн мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх кампанит ажлыг явуулах нь зүйтэй.

Давамгайлал/хандлагын судалгаа сүүлийн арван жилд

2016 онд Засгийн газар Хүүхдийн эрхийн хороонд цагдаагийн газарт мэдэгдсэн сургууль, цэцэрлэг, хүүхдийг харж ханддаг бусад байгууллага дахь хүүхдийн бие махбодын шийтгэлийн тохиолдлуудын тоог мэдээлсэн байдаг: 2011 онд цагдаагийн газарт бие махбодын шийтгэлийн 275 тохиолдол бүртгэгдэж, 2012 онд 291, 2013 онд 279 тохиолдол тус тус бүртгэгдсэн байдаг.

(Хүүхдийн эрхийн хороо, 2016 онд болох Оролцогч улсуудын тавдахь удаагийн Ээлжит дүгнэлт хэлэлцүүлгийн тайлангууд: Монгол улс, CRC/C/MNG/5, 2016 оны 9-р сарын 7, 82-р догол мөр)

ЮНИСЕФ-ийн Олон үзүүлэлтийн кластер судалгааны (MICS) хөтөлбөрийн хүрээнд 2013 онд 15,500 айл өрхийг хамруулж явуулсан судалгаагаар - улсын хэмжээн дэх хамгийн том загвар судалгаа - 1-14 насны хүүхдүүдийн 49 хувь нь судалгааны өмнөх сард тодорхой хүчирхийллийн хэлбэрийн (сэтгэл зүйн дарамт ба/эсвэл бие махбодын шийтгэл) "хүмүүжлийн арга барилаар" хүмүүжиж байсан нь тогтоогдсон байдаг. Судалгаагаар нийт хүүхдийн 40 хувь нь сэтгэл зүйн дарамт, 28 хувь нь бие махбодын шийтгэл, 4 хувь нь хүнд хэлбэрийн бие махбодын шийтгэл (нүүр, толгой, чихээ алгадуулах, цохиулах, ахин дахин цохиулах гэх мэт) амссан болохыг олж тогтоожээ. Бие махбодын шийтгэлд ихэнхдээ 3-4 насны (44 хувь) хүүхдүүд өртөж, 10-14 насны (16 хувь) хүүхдүүд арай бага өртдөг байна. Хүүхдүүдийн 38 хувь нь зөвхөн хүчирхийллээс ангид хэлбэрийн хүмүүжлийн арга барилаар хүмүүждэг нь хөвгүүдээс (36 хувь) илүүтэйгээр охидын (40 хувь) дунд түгээмэл байдаг ажээ.

(Үндэсний статистикийн газар, UNFPA & UNICEF (2015), Монгол улсын нийгмийн үзүүлэлтийн загвар судалгаа 2013, Олон үзүүлэлтийн кластер судалгаа. Эцсийн тайлан, Улаанбаатар, Монгол улс: Үндэсний статистикийн газар)

Дэлхийн хэмжээний MICS хөтөлбөрийн хүрээнд Налайх дүүргийн Засаг даргын тамгын газрын Статистикийн газраас 2012 онд явуулсан судалгаагаар 2-14 насны хүүхдүүдийн 42 хувь нь судалгааны өмнөх сард гэр бүлийн гишүүдийнхээ зүгээс сэтгэл зүйн дарамт эсвэл бие махбодын аль нэг хэлбэрийн шийтгэлд өртөж байсан нь тогтоогджээ. 21 хувь нь бие махбодын шийтгэлд өртөж, 4 хувь нь хүнд хэлбэрийн бие махбодын шийтгэл амсжээ (нүүр, толгой, чихээ алгадуулах, цохиулах, ахин дахин цохиулах гэх мэт). Бага ангийн боловсролтой эцэг эхчүүдийн 16 хувь, дунд, дээд боловсролтой эцэг эхчүүдийн 8 хувь нь хүүхдийг зохих ёсоор өсгөн хүмүүжүүлэхэд бие махбодын шийтгэл зайлшгүй шаардлагатай гэдэгт итгэдэг. Хүүхдүүдийн 48 хувь нь зөвхөн хүчирхийллээс ангид хэлбэрийн хүмүүжлийн арга барилаар хүмүүждэг.

(Налайх дүүргийн Засаг даргын тамгын газрын Статистикийн алба ба UNICEF (2014), Налайхын Хүүхэд Хөгжлийн Судалгаа 2012 (MICS), Эцсийн тайлан, Налайх дүүрэг, Улаанбаатар, Монгол улс: Налайх дүүргийн Засаг даргын тамгын газрын Статистикийн алба ба UNICEF)

UNICEF-ийн 2013 онд цуглуулсан статистик мэдээгээр 2-14 насны хүүхдүүдийн 46 хувь нь судалгааны өмнөх сард гэрийнхээ орчинд "хүчирхийллийн хэлбэрийн хүмүүжүүлэх арга барилаар" (бие махбодын шийтгэл ба/эсвэл сэтгэл зүйн дарамт) хүмүүжиж байсан. Дөрөвний нэг нь бие махбодын шийтгэл амсаж, 38 хувь нь сэтгэл зүйн дарамтад (хүүхэд рүүгээ хашгичих, орилох, чарлах, хэл амаар доромжлох) өртсөн байдаг. Ээж болон асран хүмүүжүүлэгчдийн багахан хувь хэмжээ (16 хувь) нь хүүхэд хүмүүжүүлэх үйлсэд бие махбодын шийтгэл шаардлагатай гэж үзжээ.

(UNICEF (2014), Энгийн хараанаас нуугдмал: Хүүхдүүдийн эсрэг үйлдэгдэж буй хүчирхийллийн статистик дүн шинжилгээ, NY: UNICEF)

UNICEF Олон үзүүлэлтийн кластер судалгааны хөтөлбөрийн (MICS4) 4 дэх үе шатны хүрээнд 2010 онд цуглуулсан статистик мэдээгээр 2-14 насны хүүхдүүдийн 46 хувь нь судалгааны өмнөх сард гэрийнхээ орчинд "хүчирхийллийн хэлбэрийн хүмүүжүүлэх арга барилаар" (бие махбодийн шийтгэл ба/эсвэл сэтгэл зүйн дарамт) хүмүүжиж байжээ.

(Үндэсний статистикийн газар ба UNICEF (2011), Олон үзүүлэлтийн кластер судалгаа 2010: Хураангүй тайлан, Улаанбаатар: Үндэсний статистикийн газар)

Энэ хуудсыг манай хамтрагч "Хил хязгааргүй орчуулагч" орчуулав. Хэрэв танд агуулга эсвэл орчуулгын талаар ямар нэгэн сэтгэгдэл, залруулга байвал info@endcorporalpunishment.org хаягаар явуулна уу

Translators_without_Borders